2026-02-27
МАН-ын хоёрдугаар бага хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар итгэл тавилаа.
Тэрээр, манай Засгийн газар байгуулагдсан найман сарын хугацаанд олон сорилт бэрхшээлтэй тулгарч, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд хичээн зорьж, асуудал бүрийн ард гарч шийдэхийн шаргуу ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт юм.
Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Манай улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоор хэмжигддэг байсан бол өнгөрсөн оны хамгийн өндөр өсөлт хөдөө аж ахуйн салбарт гарлаа.
Хөдөө аж ахуй салбар эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна гэж үзвэл зохино.
Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна. Мөн 90 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг тогтоов.
2025 оны эхний хагаст нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө.
Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа.