2024-03-30


"Эмч танаараа бахархъя-2024" арга хэмжээ боллоо.



Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Эмч нарын нийгэм, хувь хүний амьдралд оруулсан хувь нэмрийг дэлхий нийт, улс орон, гэр бүл, хувь хүн бүгд хүлээн зөвшөөрдөг. Бүх улс орнууд эрүүл мэндийн салбарынхныг хөдөлмөр зүтгэл, эмчийн нинжин сэтгэл, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлдэг гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж байгаа анагаах эрдэм мэдлэг, авьяас туршлага хосолсон эмч нартаа олон улсын эмч нарын өдрийн мэндийг хүргэе.

Эрүүл мэндийн салбарт онцлох олон ололт амжилт гарч байна. Тухайлбал, Зооноз өвчин судлалын үндэсний төв болон бусад томоохон эмнэлэг, төвүүдийн зарим эмч мэргэжилтнүүдэд мэргэжлээс шалтгаалах өвчний нэмэгдэл олгодог болж байгаа. Энэ бүхэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг үр бүтээлтэй, ая тухтай ажиллахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтуудын хэмжээг сүүлийн үед тасралтгүй нэмж байгаа. 2024 оныг өнгөрсөн жилтэй харьцуулахад эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 48 хувиар өссөн. Мөн олон жил яригдаж ирсэн эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг 142 тэрбум төгрөгийн төсөвтэй барихаар улсын төсөвт тусгасан.

Хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг хийж байна. Сумын эрүүл мэндийн байгууллагуудын автомашинуудын 50 хувийг шинэчилж, туулах чадвар сайтай болгохоор зорьж байгаа. Ингэхдээ хүнд болон хэвтрийн өвчтөн зөөвөрлөх боломжтой зориулалтын автомашинаар хангана. Үлдсэн 50 хувийг ирэх 2025 онд хангахаар төлөвлөж байна.


Бидэнтэй холбогдох