2022-02-03
В.Путин мөн Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид ярилцлага өгч, Орос-Хятадын харилцаа болон удахгүй болох Олимпын наадмын талаарх асуултад хариулсан байна.
"Орос ба Хятад: ирээдүй рүү чиглэсэн стратегийн түншлэл" нэртэй нийтлэл ОХУ-ын удирдагчийн Бээжинд хийх айлчлалын өмнөхөн гарч буй юм. В.Путин хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцоно.
“Манай хоёр улс бол олон зуун жилийн нөхөрлөл, итгэлцлийн уламжлалаар холбогдсон ойрын хөршүүд юм. Шинэ эрин рүү орж буй Орос-Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, үр ашиг, хариуцлага, ирээдүйн төлөө тэмүүлэхийн үлгэр жишээ болж байгааг бид өндрөөр үнэлж байна” гэж В.Путин нийтлэлдээ онцолжээ.
Оросын Ерөнхийлөгч мөн ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг эрх тэгш, ашиг сонирхлоо харилцан харгалзан үздэг, улс төр, үзэл суртлын нөхцөл байдал, ул мөрөөс ангид байдаг хэмээн мэдэгдсэн байна.
“Манай улсуудын хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэлүүдийг өнгөрсөн жил бид гарын үсэг зурсны 20 жилийн ойг нь тэмдэглэн өнгөрүүлсэн “Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд” тодорхойлсон билээ” гэж нийтлэл дурджээ.
В.Путиний бичсэнээр, хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ чухам эрх тэгш байх, ашиг сонирхлоо харилцан харгалзан үзэх зарчмын дагуу жилээс жилд гүнзгийрч байна.
“Манай улс орнууд урт хугацааны хөгжлийн асуудлыг амжилттай шийдвэрлэх санхүү, аж үйлдвэр, технологи, боловсон хүчний нөөцтэй учраас үүнд бүх боломж бий. Хамтран ажилласнаар бид эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг бэхжүүлж, орчин үеийн эрсдэл, сорилтоос хамтдаа хамгаална” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Түүний бичсэнээр, ОХУ, БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд үндэслэсэн, олон улсын худалдааны нээлттэй, ялгаварлан гадуурхахгүй тогтолцоог хадгалахыг дэмжиж байна. Олон улсын худалдааны асуудал, тэр дундаа дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дахин эхлүүлэх зэрэг асуудлаар хоёр улс ижил байр суурьтай байгааг тэрбээр тэмдэглэжээ.
В.Путин мөн Орос, Хятад улсууд үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх туршлагыг өргөжүүлж, нэг талын хориг арга хэмжээний сөрөг нөлөөг арилгах механизмыг боловсруулж байгааг дурдсан байна.
Үүний зэрэгцээ 2021 онд Орос, Хятадын худалдааны эргэлт 140 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж В.Путин онцолжээ. Хоёр улс энэ үзүүлэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа юм.
ОХУ, БНХАУ цар тахлын улмаас алдсан хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа нөхнө гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч эргэлзэхгүй байна.
Үүнээс гадна, тэрбээр Орос улс коронавирусний халдварын тархалттай тэмцэхэд Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ. В.Путин Оросын "Спутник V", "Спутник Лайт" вакциныг Хятадад үйлдвэрлэхэд тусалж дэмжиж, шаардлагатай хамгаалалтын хэрэгслийг "цаг хугацаанд нь нийлүүлэх" ажлыг зохион байгуулсанд Хятадын нөхдөдөө талархал илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч нийтлэлдээ мөн Хятадын арвин туршлага Бээжингийн олимпын наадмыг хамгийн өндөр түвшинд зохион байгуулах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ Оросын удирдагч Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид өгсөн ярилцлагадаа зарим улс өөрсдийн амбицид тааруулж спортыг улстөржүүлэх оролдлого үндсээрээ буруу гэж мэдэгджээ.
Бээжингийн Олимпын наадмын нээлтийн үеэр В.Путин айлчлалын хуваарийн дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийхээс өөр хоёр талын уулзалт хийхгүй гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков нэгдүгээр сарын 29-нд мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, Бээжинд В.Путин, Ши Жиньпин нар олон улсын асуудлуудыг, тухайлбал, Европ дахь стратегийн тогтвортой байдал, ОХУ-д аюулгүй байдлын баталгаа олгох, АНУ, НАТО-тай хийсэн ОХУ-ын хэлэлцээ болон бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Хоёр удирдагч мөн Орос, Хятадын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн төслүүд, эрчим хүч, сансар огторгуй, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж Д.Песков мэдээлжээ.