2021-12-14


УИХ гялс цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Тэгээд сайд нараа солино.



Их хурлаараа Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлангуутаа шуудхан сайд нарын халаа сэлгээнд анхаарч эхлэв. Маш товчхоноор, Засгийн бүтцийг базаж харахад У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, бусад амлалтын квот тэргүүтэй хомиог баг. Эдгээрээс хэний төлөөллүүдийг явуулж, хэдийг нь сэлгэж, шинээр ямар фракци танхимд орж ирэх вэ. Энэ талаарх ерөнхий прогнозыг хүргэж байна.

Д.АМАРБАЯСГАЛАН ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ “ӨМӨӨРӨХГҮЙ”

Л.Оюун-Эрдэнийг сая намын даргаар ёсчлоход үеийн агуулгаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан хамгийн их дэмжсэн. Энэ хоёрыг муудалцчихвал дээд үеийнхэн нь бүр нэг баярлаж, засаг төрөө самрах үйлсээ эрчимжүүлэх нигуртай. Тиймээс ч тэд нэгдэж, нэгдэхдээ сул нараа ч явуулъя гэдэг дээрээ тохирсон. Л.Оюун-Эрдэнийн танхимд А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар, С.Амарсайхан нарын генсекийн хүмүүс бий.

Генсекийн хувьд Алтай нутгаас гаралтай Л.Мөнхбаатар, А.Ариунзаяа нарыг ерөнхийдөө өмөөрч “ханасан”. Ерөнхий сайдын хувьд ч тэр, барилгын салбарт томоохон амбицаа хэрэгжүүлэхийн тулд сул сайдтай байгаад байхыг хүсэхгүй. А.Ариунзаяа сайд У.Хүрэлсүхийнн тахимаас улирч, нэг удаа авралд багтсан тул Үндсэн хуулийн аргаар явуулахад гомдолтгүй гэх өнцөг бий. Харин Шадар сайд С.Амарсайханы хувьд томоохон мөнгө, бизнесийн тохирооны том агуулгатай байж мэдэх тул явуулах нэрсэд шууд оруулахад хүндрэлтэй.

Тэрбээр танхимтайгаа нийцэл муутай, мөнгө төгрөгтэй холбоотой шийдвэрийг түрүүлээд алх цохьчихдог нэгэн. Хурал хуйнд маш их хоцордог мөртлөө нэг байгууллага дээр очиж, шууд дамжуулалт асаагаад баахан загначихдаг байдлыг нь Ерөнхий сайд буруушаан үздэг гэгддэг.

У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗУУДЫГ ЯВУУЛЖ, АЖЛАА БОДНО

Намаа, засгаа бүрэн “базсан” Л.Оюун-Эрдэнийн хувьд одоо У.Хүрэлсүхийн үед томилогдсон, түүний цэргийн сургууль, 10 жилийн ангийнхныг танхимаасаа явуулчих чин хүсэлтэй гэгдэж буй. Энэ ангилалд Л.Халтар, Г.Ёндон, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг нар нэрлэгдэнэ. Л.Оюун-Эрдэнийг засаг барих хугацаанд хамгийн их чихийг нь халууцуулж буй сайд нар бол Уул уурхай, зам тээврийн салбар хариуцагсад. Дээрээс нь энэ саруудад манай улс хоёр хөршдөө хамгийн үнэ хүнд муутай байж, гадаад харилцааны бодлого үндсэндээ тэглэсэн.

Эл сайд нарынх нь ажил явахгүй болохоор Ерөнхий сайд нь бүхий л том уулзалтууд дээр өөрөө орсон нь ч нүдэнд ил өрнөсөн билээ. Танхимын уур амьсгал бүхэлдээ нэг тийм халуун дулаан бус болж, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа унтууцсан дүр төрхтэй болсон гэгдэж буй. Ийм асуудал дагуулсан сайд нараа одоо бүх эрхээ гартаа авсан хойноо хамгийн түрүүнд явуулахаар зэхэж байгаа гэх. Энэ нь ч нэг талаараа зөв. Монголын төр У.Хүрэлсүхийн хамт казинодсон хүнд өргүй. Түүний ангийнханд өргүй нь үнэн юм.

Н.ЭНХБАЯР, Ц.ДАВААСҮРЭН НАРЫН БАГТ ХАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРАА ӨГНӨ ЭСВЭЛ…

Засгийн бүтцэд шинээр орж ирэх тоглогч нь Н.Энхбаяр. Мөн 92-р тогтоолоор Оюутолгойн ажлын хэсэгтэй хамтарсан гэх Ц.Даваасүрэн нарын попуудын баг нэг сайдын суудал авахаар байна. Тэдний авах хүсэлтэй салбар нь , хөдөө аж ахуй бас эрчим хүч. Өнөөдөр сайдаар ажиллаж буй З.Мэндсайхан, Н.Танвинбэх нар яг сул нараар нэрлэгдээгүй. Гэвч Н.Тавинбэх сайдын үгэнд эрчим хүчний ТӨХК-ийн захирлууд ч ордоггүй, хаалгыг нь саваад гардаг гэх яриа бий. Салбартаа ямар ч манлайлалгүй хүн цаашаа том бодлого ахална гэхэд асар бэрх.

ХАА-н салбарын тухайд З.Мэндсайхан том бодлогоороо засагтаа харьцангуй сайн хүлээн зөвшөөрөгдсөн. Генсектэй ойрын харилцаатай зэрэг шалтгаанаар эерэг үзүүлэлттэй байна. Мэдээж салбар доторх хар, хор нь асар их. Ерөнхийдөө мөнгө их эргэлддэг гэдэ утгаар нь Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн эл хоёр салбарыг авахаар санаархаж буй. Гэвч явах сайд нарын тоонд З.Мэндсайхан, Н.Тавинбэх нар төдийлөн орж ирэхгүй байгааг дурдууштай. Эдгээрийг авч үлдэнэ гэвээс У.Хүрэлсхүхийн найзуудын гаргах сул зайг хэлэлцээрт ашиглах тактик бас харагдаж буй.

АЖИЛСАГ Ч ҮЛ ТООГДДОГ ГУРВАА “АВАРЧ ЧАДАХГҮЙ”

Танхимдаа жигтэйхэн ажилсаг ч гаднаа пи-ар нь буруу урсгалтай, муу ярьдаг сайд нарын ангилалд Н.Уртнасан, С.Энхболд, Ч.Номин нар багтаж байна. Ерөнхий сайдын хувьд “Сул нараа цаашаа хамгаалж явж чадахгүй” гэх байр сууриа хатуу барих чигтэй буй. Тэр утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй орж ирсэн Ч.Номинг авч үлдэнэ гэх таамаг огт нэрлэгдээгүй. Логикийн хувьд, Н.Уртнасан, С.Энхболд нар салбартаа өчнөөн их ажил амжуулахаар мэчийсэн ч гаднаа хүлээн зөвшөөрөгдөх асар бага магадлалтай.

Энэ төрлийн сайд нараа ерөнхийдөө ч явуулчхаар байгаа нь нууц биш. Тэдний суудлыг парламентад аль хэдийнэ эвээ олсон, хар хор ихтэй улсууд горилж буй.

ЯГ ТАГ ҮЛДЭХ НЬ: Б.ЖАВХЛАН, Х.НЯМБААТАР, Л.ЭНХ-АМГАЛАН НАР. Ц.НЯМДОРЖИЙГ ЯГ ХЭРХЭХ ВЭ

Энэ Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэд хамгийн их тус болж, улстөрийн хамаг галыг нь өөр дээрээ үүрч, элдэв лоббиг нь хийлцсэн хүн бол Х.Нямбаатар. Түүнийг албан тушаалаа хадгалж үлдэх хамгийн боломжтой хүнээр нэрлэхүйц. Дараачийн сайд нь Б.Жавхлан. Тэрбээр Ч.Хүрэлбаатарын барьж байсан хамаг л сайн бодлогыг задалж, гишүүдээ дөрвөн тэрбумаар авлигадаж, ер хүнээс гарч болох хөнгөн залиудаар ажлаа авч яваа хүн. Тэр С.Батболдын талыг ч Сүхбаатарынхны хүчийг ч төлөөлөх лоббигоо энэ хугацаанд хийв.

Л.Энх-Амгалан сайдын хувьд салбараа яг шат ахиулах амбицтай, поп аргаар ажиллаж буй дүр. Парламентад удаж буй тул гишүүдээ ч хэрхэн аргалахаа мэднэ. Ийм гал алдаггүй, ахмаддуу хүн Л.Оюун-Эрдэнийн танхимд яах аргагүй хэрэгтэй. Харин нөгөө хэрүүлч, үл дуугүй байдгаараа алдаршиж, төрд насаараа явчхаад ЗГХЭГ-ын даргын суудалд очоод нам шигдчихсэн Ц.Нямдоржийг хэрхэх нь тодорхойгүй байна. Тэр одоо төрд, Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй юу. Энэ асуултын хариу нь эсрэгээрээ Ц.Нямдоржид өөрт нь хэрэгтэй гэх логикоор тайлагдаж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Л.Оюун-Эрдэнийн танхимд 3-4 сайд л үлдэхээр л харагдаж буй нь нууц биш. Үүн дээр танхимын гаднаас сонгогдсон 2-3 сайд авч үлдэж мэдэхээр. Дээр нь хоёр яам нэмэгдэнэ. Танхимаас У.Хүрэлсүхийн хүмүүс явж, Д.Амарбаясгалан өөрийн багаа шинээр бүрдүүлэхээр харагдаж байна. Мөнхүү Н.Энхбаяр, Ц.Даваасүрэн нарын төлөөлөл шинэ танхимд суух агаад С.Батболд, М.Энхболд нар чимээгүй сууж байгаад нэг хоёрын зэрэг сайд түлхүүлчхээр өнгө аястай буй.


Бидэнтэй холбогдох