2020-11-05
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх нэгдүгээр сард болох Солонгосын хөдөлмөрийн намын их хурлаараа генералиссимус цол хүртэж магадгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулаас мэдэгджээ. Энэ тухай тагнуулын удирдлагууд үндэсний парламентын хаалттай хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ дуулгасан гэнэ.
Одоогоор Ким Жон Ун нь цэргийн маршал цолтой. Харин түүний өвөө, Умард Солонгос улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен, эцэг Ким Чен Ир нар 17 жил дээд удирдагчаар ажиллаж байгаад генералиссимус цол хүртсэн юм.
Өмнөд Солонгосын парламентын энэ сарын 3-нд болсон хаалттай хуралдааны үеэр Ким Жон Уны охин дүү Ким Ё Жоны нөлөө нэмэгдэж, Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн тэргүүнээр ажилласан тухай дуулгажээ. Харин ирэх нэгдүгээр сард болох намын их хурлаар Ким Ё Жоны эрх мэдлийг дахин нэмэгдүүлэх магадлалтай гэж Өмнөд Солонгосын тагнуулынхан мэдээлсэн байна