2020-10-13
Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг өнгөрсөн долоо хоногт цуцалсан. Учир нь тус үйлдвэрийн 49 хувьтай холбоотой “Монголиан коппер корпорейшн” ХХК /Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг/-д холбогдох маргаан дэгдэж өнгөрсөн оны гуравдугаар сард онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын хугацаанд буюу өнгөрсөн нэг жилд онцгой дэглэмийг хэд, хэдэн удаа сунгаж өнөөдрийг хүргэсэн юм. Харин энэ удаа онцгой дэглэмийг үргэлжлүүлэн сунгах шаардлагагүй гэж ЗГХЭГ-ын дарга, тус үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийг ахалж байсан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа "Миний ахалсан ажлын хэсэг үүргээ гүйцэтгэсэн бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь өөрийн хөрөнгөөр авч чадаагүй Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яамны мөнгөөр авсан байх магадлалтайг шалгаж тогтоосон. Уг мөнгийг улсад эргэн төлүүлэх ажлыг Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хийнэ. Ажлын хэсгийн ахлагчийг Ерөнхий сайдын тушаалаар өөрчилж, Я.Содбаатарыг томилсон" гэсэн юм. Тэгвэл Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ямар шийдвэр гаргах нь олны анхаарлыг татаж байгаа юм. МАН-ын нэр бүхий эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь буюу “Монголиан коппер корпорейшн” ХХК буюу Д.Эрдэнэбилэгтэй учраа ололцох ажлыг голлон хийх аж. Учир нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас авахад зарцуулсан төлбөрөө эргүүлэн авья гэж Засгийн газарт нэхэмжлэх өгчээ. Тодруулбал, “Монголиан коппер корпорейшн” ХХК /Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая 270 мянган ам доллараар худалдан авсан байдаг. Мөн худалдан авах гэрээнд "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын төр авсан тохиолдолд худалдан авсан төлбөрөөс гадна, нөхөн төлбөрт 100 сая ам.долларыг Монголиан коппер корпорейшн ХХК нь Засгийн газраас гаргуулна" гэсэн утгатай заалт байдаг ажээ. Иймд “Монголиан коппер корпорейшн” ХХК буюу Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн нэхэмжилсэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан үндсэн болоод гэрээнд заасан 100 сая ам.долларын нөхөн төлбөр нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын толгойг өвтгөж дарамт болж буй учир эвтэй, найртайгаар асуудлыг дуусгах хувилбар яригдаж бололтой. Өөрөөр хэлбэл, бөөн төлбөрт унахын оронд хувьцаагаа өгөөд Д.Эрдэнэбилэгтэй учраа ололцох түвшинд Я.Содбаатарын ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн тус ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эзэмшүүлэх, 15 хувийн иргэдэд нээлттэй хувьцаа байдлаар эзэмшүүлэх хувилбарч яригдаж байгаа гэж эх сурвалж бидэнд мэдээллээ.