2020-10-03


Ерөнхий сайд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Засгийн газрын хуралдаанд оролцож байхыг урив



Шинжлэх ухаан, инновацын төвийн цогцолборыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4.8 га талбайд барихаар өнөөдөр барилгын шав тавих ёслол боллоо. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл болон хүрээлэнгүүдийн захирлууд, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид оролцов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолд оролцох үеэрээ, “Шинжлэх ухаанд тулгуурласан төрийн бодлоготой байж улс орон хөгжинө. 2021 онд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойн босгон дээр түүхэн том бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ бүтээн байгуулалтад Засгийн газраас 94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

2019 онд болсон Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас гаргасан бодлого, шийдвэр, 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн түвшнийг ахиулах, улс орны хөгжлийг хурдасгахад шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг дэмжих, судалгааны ажил, инновацын үйл ажиллагааг дэмжиж, гарааны компаниудыг олноор бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна” гэлээ.

 



Ерөнхий сайд дээрх санаагаа улам тодорхой болгон Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд хандан, Таныг Засгийн газрын дараагийн хуралдаанаас эхлэн Засгийн газрын хуралдаанд сууж байгаасай гэж албан ёсоор урьж байна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх асуудалд шинжлэх ухааны зүгээс үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой” хэмээгээд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг уг арга хэмжээнд оролцсон БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэнд үүрэг болгов.

Ерөнхий сайдын энэ шийдвэрийг шинжлэх ухааны салбарын ажилтнууд, эрдэмтэн судлаачид талархан хүлээн авсан бөгаад улс орны хөгжлийг тодорхойлох төрийн бодлого шийдвэр гаргахдаа эрдэмтдийнхээ үгийг сонсдог шинэ цаг үе ирлээ хэмээн онцлон хэлэлцэж байлаа.


Бидэнтэй холбогдох