2020-08-20
11:00 цагаас үүрэн телефоны томоохон операторуудын нэг “Мобиком” компани хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж, иргэдийг хуурч мэхлэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлсээр байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, “Мобиком” компанийн хэрэглэгч Баянзүрх, Баянгол дүүргийн иргэн Д.Бямбацогт, Г.Үнэнбаяр нар баримт нотолгоо бүхий мэдээлэл дэлгэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Дэлхий нийтээрээ цар тахалд дарлагдсан, албан газар, айл өрх, иргэдийн хэтэвч нимгэрсэн энэ хүнд үед иргэд, хэрэглэгчдийг мэдээлэл дутмаг байгаагаар нь далимдуулан үйлчилгээнийхээ үнэ тарифыг нэмж, үл бүтэх олон мэдээлэл дунд төөрөлдүүлж, иргэдийн халаасыг тэмтэрч, ашиг орлогоо нэмэгдүүлж, иргэдийг шулж байгаа нь “Мобиком” компанийг даврааж, иргэдийг санхүүгээр нь боолчилж байна гэдгийг хуралд оролцогчид онцлон хэлж байна. Тухайлбал, үүрэн телефон хэрэглэгчдийн хувьд сарын хэрэглээ янз бүр байдаг. Сард 10-20 мянган төгрөгөөр ярих хүн байхад 40-50 мянга, бүр 100-200 мянган төгрөгийн яриа хийдэг хэрэглэгч ч бий. Тиймээс хэрэглээний багцуудыг олон шатлал, ангилалтай, харилцан адилгүй нөхцөл, төлбөрийн босготойгоор санал болгосон байдаг. Гэвч энэ нь бодит амьдрал дээрээ үнэ тарифын нэмэгдэл, олон давхар үйлчилгээний санал тавих зэрэг зальтай аргаар иргэдийг хохироох арга хэрэгсэл болж байна гэдгийг “Мобиком”-ын хэрэглэгч иргэн Д.Бямбацогт өөрийн хэрэглээний үнэ тариф болон өөртөө, гэртээ авсан нэмэлт үйлчилгээнүүд дээр жишээ баримттай ярив.
“Мобиком”-ын энэ мэт үйлчилгээ нь ажилтай орлоготой иргэдийг бус, гэртээ хувиараа хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож, хүргэлтийн үйлчилгээ, хэрэглээний яриаг нь хэрхэн хязгаарлаж байгаа талаар Баянгол дүүргийн иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл Г.Үнэнбаяр хэлэв.
БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор гомдол мэдүүлж буй хохирсон иргэдийг төлөөлөн ШӨХТГ-д хандсан боловч мэддэг, хариуцдаг хүн цөөн, хууль дүрэм журамаа бариад хөөцөлдөх хүн байхгүй, сэтгэл зүтгэлгүй ажиллаж байгааг тэрээр шүүмжилэв