2026-05-12
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон С.Баярцогтын өмнө тулгарах хамгийн том асуудал нь МоАХ-той хэл амаа ололцох гэдгийг бүгд ярьж, хэлж байсан. Намын гал тогоог түүнээр бариулахгүй гэж эцсийн мөч хүртэл тэмцсэн Х.Баттулга ба түүний талынхантай тэрбээр учраа ололцож чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа харагдсан. Тэгвэл үнэхээр ч тэрбээр гщнсек болсон тэр оройдоо л МоАХ-ын фракцтай уулзах тохироо хийжээ.
Эх сурвалжид өгүүлснээр, С.Баярцогт, Женко фракцын тохироо нь:
-МоАХ-ны байрыг хөндөхгүй.
-2027 онд Ерөнхийлөгчид С.Баярцогт нэр дэвшихгүй. Хамгийн өндөр рейтингтэй буюу Ерөнхийлөгчид шанстай улстөрчөө хамтдаа дэмжинэ. Өөрөөр хэлбэл, МАН-д зөөлөн боорцог шидэж өгөхгүй.
-Улс төрийн захиалгаар хилс хэрэгт шалгуулж, шийтгүүлж байгаа журмын нөхдөө хамгаална.
-АН-ын цааших улс төр хэн нэг хүн, аль нэг намын явуулга, ятгалгаар явахгүй. Нам доторх үзэл бодлын цайзаа бататгаж бэхжүүлнэ. Эдгээр асуудлаар гар барьсан байна.
Тэдний энэхүү тохироо нь үндсэндээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зурагласан хэрэг болсныг уншсан хэн ч анзаарах биз.
Судалгааны төвүүдээс гаргасан санал асуулгын дүнгээр Ерөнхийлөгчид нэр дэвшвэл сонгогдох магадлалтай хүнээр Н.Алтанхуяг нэрлэгдэж байгаа. Судалгааны анкет дээр Г.Занданшатараас чансаа бага харагдаж байгаа ч бодит байдал дээр хамаагүй илүү дэмжлэгтэй ч байж мэдэх түүний хэргийг Шүүх сэргээгээд буй.
Эндээс харахад, дөрвөн тохирооны хоёр нь буюу хоёр, гурав дахь нь Н.Алтанхуягт хамаатай мэт харагдаж байна. Хэрвээ Н.Алтанхуягийг хуулийнхан шоглож гэмээ нь арын нэр дэвшигч нь С.Баярцогт байхгүй гэдэг нь бас нэг том дохио. Энэ тохиолдолд Л.Гантөмөр, О.Цогтгэрэл зэрэг чансаа ойролцоо өрсөлдөгчдийн дунд тэмцэл өрнөх юм.