2026-03-17
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Өчигдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дээрх хоёр сайдын асуудлыг хэлэлцэх байсан ч Засгийн газрын тогтвортой байдлын үүднээс сайд нараа явуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байсан. Тэгвэл маргааш өргөдлөө өгсөн хоёр сайдыг огцруулах асуудлыг нэгсэн чуулганаар 14:00 цагт хэлэлцүүлэхээр дараалалд оруулжээ.
ХҮН нам салбараа өөрчилж Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл яг одоо ХҮН намын Төлөөлөх зөвлөл энэ асуудлаар хуралдаж байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилох асуудлыг ч ярьж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Мөн энэ асуудлыг яг одоо МАН-ын дарга нар хэлэлцэж байгаа бөгөөд үдээс хойш өргөдлөө өгсөн хоёр сайдын оронд хэнийг томилох нь тодорхой болох аж.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулдаг.