2026-02-02


Зуны дэлгэр сайхан цагаар эх оронд минь урьд өмнө болж байгаагүй олон улсын том хурал болно.



Зуны дэлгэр сайхан цагаар эх оронд минь урьд өмнө болж байгаагүй олон улсын том хурал болно. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 юм.

    Эх болсон байгаль орчноо нөхөн сэргээх том боломж болсон уг хурлын үеэр зохион байгуулагч орны хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна” гэж мэдэгдсэн.

    Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьжээ. Ер нь COP зохион байгуулсан улсууд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт татаж ирсэн байдаг. Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан.

   СOP16-ын үеэр 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Манай улсын хувьд 197 орны 10 мянга шахам хүн оролцоно гэж тооцож буй COP17-ын үеэр “Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулна.


Бидэнтэй холбогдох