2023-12-08
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.07/ өндөрлөлөө.
Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 13 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж, энэ хүрээнд нийт 61 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 40 гэрч хүрэлцэн иржээ.
Дөрвөн өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголын эхний үе шатанд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулсан.
Түүнчлэн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) гэрч оролцсон байна.